“Байгаль хамгаалал ба иргэдийн оролцоо”
“...Яндаж болдоггүй далай шиг Яасан баян нутаг вэ?
Ямар их хувь заяагаар Бид нар эзэн болж төрөө вэ?” (Их зохиолч Д. Нацагдорж)
Бид ийнхүү дуулж бахархаж, дотроо омогших дуртай үндэстэн.
Эссэгээ эхлэхийн өмнө та бүхэнд өөрийгөө танилцуулая. Би эх орныхоо алс баруун хязгаарт төрж өссөн. Миний нутагт төрийн тахилгат Сутай хайрхан хайрхан орших бөгөөд, нутгийн найрагчийн өгүүлсэнчлэн өглөөний наран оройд нь гарах гэж зүтгэж, оройн наран жаргахгүй хэмээн зүүгдэн байдаг их уулсын орон, алтайн нурууны ар өврийг дамжин нутагладаг сайхан нутаг. Улсын нийслэлээс 1200 км зайтай тул бид эрүүл мэндийн болон, эдийн засгийн олон эрсдлийг нуруундаа үүрч амьдардаг.
Алтайн сүрлэг уулс, их говийн дархан цаазат газар хосолсон энэ нутагт байгаль хамгааллын асуудал, байгальдаа хандах иргэдийн хандлага бидний тулгамдсан асуудал болоод байна. Монгол улсын Үндсэн хуулинд "Газрын хэвлийн баялаг монголын ард түмний өмч бөгөөд төрийн мэдэлд байна" хэмээн заасан байдаг. Манай нутагт Шар хоолой, Зостын Хар голын ам зэрэг газрууд алтны нөөцтэй ордууд юм. Шар хоолойд 1996 оноос эхлэн алтны компаниуд олборлолт хийж 6 жил ашигласан орд. Түүнээс хойш нөхөн сэргээлт хийх нэрийдлээр маш олон компаниуд ээлж дараалан ухаж төнхсөөр өнөөдрийг хүрсэн. Нутгийн иргэд өөрсдөө ч гар аргаар олборлолт хийж байсан үе цөөнгүй. Асуудлын гол гогцоо хаанаа байна вэ? Яагаад тулгамдсан асуудал болоод байна вэ? гэдгийг эрэл хайгуул хийж үзлээ.
Шар хоолойгоор нутагладаг Бүс-Уул багийн иргэдтэй ярилцахад нөхөн сэргээлт хийх нэрийдлээр компаниуд алт маш их хэмжээгээр олборлодог хэмээн нөхөн сэргээлтийн компаниудтай “дайн" зарлах хоббитой. Энэ бол бидний өвөг дээдсийн нутаг бид мэдэх ёстой бид л энэ газар шорооны төлөө тэмцэх ёстой гэж өдөр нь чанга дуугаар уриалж суусан нөхөр үүрийн гэгээнээр хөгшид нутаглуулдаг байсан хонхороо өөрөө ухаад сууж байдаг инээдэмтэй, эмгэнэлтэй түүхийг алийг тоочиж барахав. Өдөр нь нутаг усныхаа төлөө чанга дуугарсан “Эх оронч"-ийг банкны зээл чангаагаад эхлэхээр орой бүрийнхэн амьдрахын эрхээр нүх ухаж суугаа нь хөдөө орон нутгийнхны бодит дүр төрх.
Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? гэдэг орон нутгийн удирдлагуудын Толгойны өвчин” болно. Нөхөн сэргээлтийн компаний оруулахаар нутгийнхны эсэргүуцэлтэй тулгарна. Иргэдээ сул чөлөөтэй оруулахаар гаднын “нинжа" нэртэй хэрмэл хэсүүл иргэд бөөгнөрчихнэ яавал дээр.яавал зохистой гарц байна хэмээн сүүлийн арваад жил эрэл хайгуул хийлээ.
Зоригийн хэргийг илрүүлнэ гэж сонгогдсон Мөрөн хурандаа гэдэг шиг энэ багаас сумын ИТХ-д сонгогдох төлөөлөгчийн гол амлалт нь Шар хоолойн асуудлыг шийднэ болж хувирсан нь нууц биш. Сүүлдээ иргэд хоорондоо нөхөрлөл бүлэг байгуулаад энэ орчмын газраа эзэмшээд гар аргаар нөхөн сэргээлт хийх зарчмаар хууль номын дагуу ашиглая гэсэн шийдвэр гаргалаа. Хэн хэн нийлж бүлэг нөхөрлөл байгуулах уу? хэдэн жилийн хугацаатай ажиллах вэ? гэсэн эцэс төгсгөлгүй маргаан өрнөж үймж шуугисны эцэст бүлэг нөхөрлөл тодорхой хэмжээний үй ажиллагааны татвар төлөх сургаар бүгд эсэргүүцэн тарав. Юун татвар хэдэн жил олон компаний ухсан энэ газраас чинь юу олно хэмээн татвар төлөх юм бэ тэр бүтэхгүй больё бүгдээрээ хэмээн тарж одов.
Т.Шажинбатын “Холбоо нуур” дууны ээжийн нүд шиг ихэр хоёр нуур ширгэж усгүй болсон, ямар ч устай жил хоорондоо нийлдэгггүй Нүдэн нуурууд нийлж нэг нуур болсон зэрэг байгалийн унаган төрх эвдэгдэж сүйрч буйг хараад ам аман дотроо дэмий халаглахаас хэтрэхгүй. Малын бэлчээр хомсдож, бэлчээрийн усан хангамж жил бүр муудсаар....
Орон нутагт байгаль хамгаалллын асуудал ийм л байдал төлөвтэй байсаар байна. Иргэдийн оролцоо гэж ярихаас илүүтэйгээр иргэдийн байгаль дэлхийдээ хандах хандлагын тухай бид бодох хэлэлцэх цаг нь болжээ. Иргэдэд байгальдаа хандах гурван хандлага давамгайлж байна.
1) Малдаа чин сэтгэлээсээ хайртай бэлчээр нутгаа уух устай, умдаалах хөрс шороо нь онгон дагшин байгаасай гэж хүсэж мөрөөддөг ясны малчин хүмүүсийн эх нутгаа хайрлах хандлага
2) Монголын баялаг дундаршгүй тул бид үүнийг ашиглах амьдрал ахуйдаа ашиглах ёстой, бидний амьдрал ядуу байна хэмээн бид хэрэглэхгүй бол өөр хэн нэгэн хэрэглэх нь гарцаагүй ....
3) "Яасан ч яахав” бүлгийнхэн тэмцэлд огтхон ч оролцохгүй шийдвэр аль талд гарахыг хараад хүлээгээд сууж байдаг хүмүүс. Эдгээр хүмүүс хамгийн хортой. Сонгуулиар бол хөвдөг сонгогчид хэмээн нэрлэдэг бол байгаль
орчины үзэл баримтлалаар хүрзээ ханцуйн дотроо нуугчид гэж нэрлүүштэй.
Эхний хоёр хандлагад хамаарагчдын байр суурь тодорхой, түүнийхээ төлөө оролцоо идэвх гаргаж тэмцэж үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлж, нийгмийн амьдралд иргэний үүргээ биелүүлэн оролцож байгаа нь сайн хэрэг. Зөв буруу нь чухал бус иргэн оролцож байна гэдэг бидний хувьд том ололт билээ. Оролцооны явцдаа ухаарч төлөвших нь дамжиггүй ээ.
Огтхон ч оролцохгүй атлаа хаана ашигтай шийдвэр гарна түүний үр шимийг үзэхээр улайран байдаг "Яасан ч яахав” бүлгийнхэн олширвол нутаг орны хөгжил урагшлахгүй ээ. Тэд үр хүүхдээ ч энэ арга барилаараа хүмүүжүүлдэг. Эссэ бичих явцад МУИС-ийн оюутнуудын жагсаал цуглаан боллоо. Манай найзын ээж хүү рүүгээ залгаад: - За миний хүү ээдээ тэр жагсаал цуглаанд нь оролцож болохгүй шүү. Амьтанд ад үзэгдэхийн нэмэр, хэнхэг улсууд нь жагсаж л байг үр дүн гарвал чамайг ганцааранг нь орхихгүй нь лавтай... Иргэдийн олонх нь тэмцэж нэр нүүрээ барах дургүй, харин тэмцлийн үр өгөөжийг хүртэнэ гэдгээ мэддэг ажгуу. Дээр дурьдсан гурав дах хандлагыг өөрчлөхгүйгээр зөвхөн байгаль орчны хийгээд олон асуудалд дэвшил гарах боломжгүй.
Олон жил шийдэгдээгүй Шар хоолойн асуудалтай зэрэгцээд Зостын амны асуудал гарч ирлээ. Өнгөрөгч намар манай нутагт 3-4 өдөр нүд чихгүй цагаан шороогоор шуурсны дараа тэнгэр онгойж, хүмүүс ойр орчноо ажиглахтайгаа болтол хэсэг овоолсон шороо Өвчүүгийн төвөөс урагш цайран харагджээ. Иргэд малчид сандралдан очвол алт ухаж авсан болох нь тодорхой харагдаж байлаа. Эртнээс бэлтгэж нарийн тооцоотой хөдөлсөн нь илт. Машины ирсэн явсан мөрийг харж ангайж гайхсан иргэд хэсэг алмайрснаа хүний нохой идэхээр өөрийн нохой ид үгтэй юм аа хө өөрсдөө ухаад үздэг хэрэг хэмээн ханцуй шамлан орлоо. Өдөртөө 100 мянгаас буухгүй байна хэмээн баяр хөөртэй ухацгаана. Өөрсдөө дотроо ухах үедээ хэл ам хийхгүй эв найртай байцгаана. Сургаар нь гаднаас хэсэг хүмүүс ирвэл сүйд болох нь тэр. “-Нутаг орон хэцүүдлээ. Дарга нар ажлаа хийгээч манай багт анхаараач!” хэмээн утасдаад ажил хийлгэхгүй. Аргаа барсан дарга нар нь БОУБ-тайгаа очиж хөөнө. Гаднаас ирэгсдийг хөөлгөж аваад өөрсдөө тайван тухтай гэгч нь газар нутгаа ухсаар суух...Монголчууд бурхан болоочийнхоо газрыгөвөл хөндөхдөө хөхөө өвлийн хүйтэнд хэмээн ихэд халширдаг. Харин мөнгө олж буй хүмүүст хөхөө өвлийн жавар хөр цасны хүйтэн үл хамаардаг аж. Дээрх үйлдлийг нутаг орноо хамгаалах сэтгэл гэх үү өөрийгөө бодох аминч үзэл гэхүү. Нэрлэх нэршил олдохгүй
эргэлзэж сууна. Дарга нарыг дуудаж хүмүүсийг хөөлгөөд байгааг нь ажвал нутагтаа хайртай юм шиг, өөрсдөө ухаад байгааг нь үзвэл нинжа гэлтэй. Жүжигчин Хүрэлхүүгийн Эргэлзээ өгүүллэгийг санагдуулах үйл явц өрнөсөөр л байна.
Энэ бүгдээс салах арга замыг дараах байдлаар харж байна. Үүнд :
1. Иргэдийн оролцоогзөв чиглүүлэх: Иргэдийн оролцоогзөвтөлөвшүүлэхийн үндэс нь тэдний хандлагыг эерэгээр төлөвшүүлэх явдал хамгийн чухал байна.
2. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх: Өнөөдөр нийгмийн бүх түвшинд зээлтэй байгаа нь иргэдийг туйлдуулж байна. Тухайлбал малчид малчны зээлтэй, ахмадууд тэтгэврийн зээлтэй, ганц нэг ажилтай нь цалингийн зээлтэй байгаа нь нэрмээс болж байгаа хэрэг. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд: -А. Амьжиргааны өөр эх үүсвэртэй болоход нь төрөөс бодлогоор бус бодитой тодорхой дэмжлэг үзүүлэх -В. Иргэдийн хэрэглээний зөв дадал хэвшилд суралцуулах, бусдыг дуурайж биш өөрийн санхүүд тохирсон хэрэглээтэй байхад анхаарах
3. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлалд суралцуулах: Ирээдүй хойч үеийнхнийхээ баялагийг шавхаж дуусгалгүйгээр өөрийнхөө хэрэгцээг зохистой хангах үйл явцыг тогтвортой хөгжил гэнэ1. Ногоон хөгжлийн үзэл баримтлал нь шийдвэр гаргах бүх түвшинд хүний хүчин зүйл, байгаль экологийн байдлыг тэнцвэртэй авч үзэхийг хэлдэг. Иргэдийнхээ байгаль орчны асуудалд оролцох оролцоог дээшлүүлэхийн сацуу тэдний тогтвортой хөгжлийн мэдлэг төсөөллийг нэмэгдүүлэх замаар байгаль орчны асуудлаа шийдэж чадна.
Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг нь жам. Байгалиа хамгаалах уламжлалт сайхан ёс заншлаа орчин үеийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай зөв хослуулж хэрэгжүүлж чадсан тэр л цагт газар шороондоо хүүгийн сэтгэлээр ханддаг иргэдтэй болно.
УЛААНБААТАР ХОТ:ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН I КУРСЫН ОЮУТАН О.ТЭМҮҮЛЭН