ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИАС ЧАНАРЫН УДИРДЛАГЫН
ТОГТОЛЦООНЫ ТАЛААРБАРИМТЛАХ БОДЛОГО
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Бодлогын үндэслэл
1.1 Энэхүү бодлогыг боловсруулах эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Засгийн газрын дээд боловсролын 2016-2024 он хүртэлх шинэчлэлийн төсөл, Хүний хөгжлийн сангийн тухай хууль зэрэг хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг үндэслэл болгон оюутан суралцагчдад дээд боловсрол олгох чанартай хүртээмжтэй үйлчилгээгээр хангах, сурах, ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн нөхцөлийг хангах нь энэхүү бодлогын хэрэгцээ шаардлагыг үндэслэж байна.
2 дугаар зүйл. Бодлогын зорилго
2.1 Дээд боловсрол олгох талаар баримтлах бодлогын зорилго нь оюутан залуучуудыг хөгжүүлэх, тэдний аливаа эрхийг хамгаалах, хүмүүжих, суралцах таатай нөхцөлийг бүрдүүлэх, төрөөс боловсролын талаар баримтлах чанарын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зорилтот ажлуудын үе шат, хүрэх түвшинг тодорхойлсон, сургуулийн эрхэм зорилго, зорилт, алсын харааг хэрэгжүүлэн биелүүлэх чиг баримжаагаа болгон, багш, оюутан бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй сурч хөдөлмөрлөх боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино.
3 дугаар зүйл. Бодлогын зорилт
3.1 Энэхүү бодлого нь дараах зорилтуудын хүрээнд хэрэгжинэ. Үүнд:
3.1.1 Монгол Улсын Засгийн газрын боловсролыг хөгжүүлэх шинэчлэлийн бодлогыг чиг баримжаагаа болгон сургуулийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж явуулах.
3.1.2 Боловсролыг чанартай, хүртээмжтэй олгох, оюутан суралцагчийн эрх бүх төвшинд хамгаалагдах нөхцөлийг бүрдүүлэх.
3.1.3 Сургуулийн бүх шатны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, чанарын хяналт шалгалт үнэлгээг стандартын дагуу хийж гүйцэтгэх.
3.1.4 Багш ажиллагсдын хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлэх
3.1.5 Тэнхим, нэгжийн удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах.
4 дүгээр зүйл.Бодлогын тулгуур зарчмууд
4.1Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг сургуулийн зүгээс нэгдсэн бодлого зохицуулалт, санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр хангаж, аж ахуйн нэгж, олон нийт, иргэдийн оролцоог дэмжин, ил тод, нээлттэй, хяналттай байлгах
4.2 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд байгууллагын удирдлага, багш, ажиллагсад, оюутан суралцагсад бүх хүмүүсийг хамруулж оролцоог дэмжих
4.3 Оюутан бүрд үзүүлэх боловсролын үйлчилгээ нь чанартай, хүртээмжтэй байх;
5 дугаар зүйл. Удирдлага, зохион байгуулалт
5.1 Боловсролын хөгжлийн стратегийг тодорхойлох, нийтлэг зохицуулалт хийхэд сургуульдаа зөвлөх эрх бүхий мэргэжлийн гишүүдээс бүрдсэн боловсролын зөвлөл, чанарын хяналт-шинжилгээ үнэлгээний албыг тогтвортой ажиллуулна.
5.2 Чанар хяналт үнэлгээний албаны мэргэжилтэн нэгжүүдийг удирдах ба нэгжийг чанарын гишүүн ахлан зохион байгуулж ажиллана.
5.3 Сургалтын агуулга, стандарт, сургалтын технологи, сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүн, сургалтын байгууллагын үйлчилгээнд тавих стандарт, шаардлагыг тогтвортой мөрдөн, чанар, үр дүнг тогтмол үнэлж зохицуулалт хийнэ.
5.4 Дээд боловсролын стандарт, төрөөс тогтоосон норм норматив, чанар, үнэлгээний горимын дагуу үр дүнг үнэлнэ.
5.5 Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, шинжлэх ухаан, технологийн дэвшил, оюутан сургагчдын сурах хэрэгцээ, ажлын байранд тавих шаардлагатай уялдуулан тасралтгүй хөгжүүлнэ.
5.6 Дээд боловсролын чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэлийн тогтолцооны шаардлагыг хангах, олон улсын сургалтын хөтөлбөр, боловсролын зэргийг хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.
6дугаар зүйл. Хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоо
6.1 Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ.
6.2 Боловсролын мэргэшсэн удирдах болон бусад ажилтныг хүний нөөцийн төлөвлөлт, бодлоготой уялдуулан сургаж бэлтгэх, дадлагажуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
6.3 Багшийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчныг сайжруулж, бүх талын дэмжлэг үзүүлнэ.
7дүгээр зүйл. Байгууллагыг тогтвортой хөгжүүлэх эдийн засаг, санхүүжилтийн тогтолцоо
7.1 Байгууллагын үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэмжээг үйлчилгээний стандарт, чанар, хүрэх үр дүнтэй уялдуулан тогтооно.
7.2 Байгууллагын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох, зориулалтын дагуу үр өгөөжтэй ашиглана.
7.3 Багш, ажилтан, суралцагчийн хөгжлийг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх санхүүгийн уян хатан, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ.
7.4 Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх.
7.5 Байгууллагыг хүний нөөцийн хөгжил, хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжсэн аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, тусламж, иргэдийн бодит дэмжлэгийг хөхүүлэн дэмжинэ.
7.6 Байгууллагын төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тогтвортой нэмэгдүүлж, үр ашигтай захиран зарцуулана.
8 дүгээр зүйл. Хамтын ажиллагаа, бодлогын хэрэгжилт, үнэлгээ шалгуур
8.1 Хамтын ажиллагаа, түншлэл:Оюутнуудын насан туршийн боловсрол эзэмших үйл хэргийг хөгжүүлэхэд төр, дотоод, гадаадын олон нийт, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хувь нэмрийг хөхүүлэн дэмжиж, хамтран ажиллах түншлэлийг өргөжүүлэн хүлээх үүрэг, хариуцлагаа дээшлүүлнэ.
8.2 Олон улс болон үндэсний боловсролын байгууллагын хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, бодлогыг уялдуулан зохицуулж хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
8.3 Дэлхийн болон олон улсын боловсролын төрөлжсөн байгууллагад гишүүнээр элсэх, салбар, нэгж байгуулах, конвенцид нэгдэн орохыг дэмжин, хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
9 дугаар зүйл. Бодлогын хэрэгжилт, үнэлгээ
9.1 Төрөөс болон дээд боловсролыг хариуцсан зохих түвшний дээд байгууллагад - боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн явцын хүрээнд сургуулийнхаа хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж тайлагнах, хоёр жил тутамд дотоод болон гадаад аудит хийх, ТУЗ зөвлөлд тайлагнаж, боловсролын чанарын үр дүнд тогтмол үнэлэлт, дүгнэлт өгч ажиллах
9.1.1 Боловсролын чанарын удирдлагын тогтолцооны талаар баримтлах бодлого, түүний хүрээн дэх ажлуудын хэрэгжилт,үр нөлөө, үр дүнгийн талаарх үнэлгээ нь албан ёсны,хөндлөнгийн,сайн дурын гэсэн хэлбэрүүдтэй байна.
9.1.2 Бодлогын хяналт,үнэлгээ,судалгааны ажил зэрэг мэдээ баримтыг гаргаж өгөх удирдлагад тайлагнах
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. ТДС-ийн чанарын удирдлагын тогтолцооны үндсэн зорилго нь чанарын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгүй болгож, сургалтын ажлын чанарыг тогтвортой дээшлүүлэн, зах зээлийн эрэлтэд нийцсэн төгсөгч бэлтгэн гаргахад оршино. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үндсэн арга нь дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ байна.
1.2. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлыг сургуулийн чанарын менежер, багш, ажилтан, суралцагчдын төлөөллөөс бүрдсэн баг гүйцэтгэнэ. Сургуулийн удирдлага (чанарын алба)-аас санал болгосон чиглэл (газар)-д баг ажиллана. Багийн гишүүн шинжээчийн үүргийг гүйцэтгэнэ.
1.3. Хяналт, шинжилгээ, үнэлгээ явуулах үе шат:
- Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын удирдамж боловсруулах;
- Хяналт шинжилгээ үнэлгээний мэдээлэл цуглуулах арга хэрэгслүүдийг боловсруулж, мэдээлэл цуглуулах;
- Мэдээлэлд боловсруулалт хийх;
- Хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан боловсруулах;
- Тайланг танилцуулах;
- Ажлын үр дүнг удирдлагад танилцуулах;
Хоёр. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын удирдамж боловсруулах
2.1. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын удирдамж дараах бүтэцтэй байна.
- Удиртгал
- Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын дизайн (хэв маяг)
- Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөлт
2.2. Удиртгал хэсэгт хяналт, шинжилгээ үнэлгээ хийх хэрэгцээ, шаардлага, зорилгыг тодорхойлж, ажил гүйцэтгэх багийн бүрэлдэхүүний талаарх мэдээллийг оруулна.
2.3. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын дизайн хэсэгт хамрах хүрээ, түүвэр хийх, мэдээлэл цуглуулах, мэдээлэлд анализ хийх зэрэг ажлуудыг тодорхой оруулсан байна.
2.4. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөлт хэсэгт ажлын эцсийн үр дүнг хэнд, ямар, хүрээнд танилцуулж шийдвэрлэх, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааны хугацаа, үе шатаар төслийн ажлын зураглал хийх, төсвийн товчоо гаргах зэргийг багтаасан байна.
Гурав. Хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээлэл цуглуулах,
арга хэрэгслүүдийг боловсруулах
3.1. Хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээлэл цуглуулах нийтлэг дараах аргуудаас шинжээч өөрийн ажилд тохирохыг сонгон авч хэрэглэнэ. Үүнд:
- Баримт бичгийн шинжилгээ хийх
- Асуулга (анкет)
- Ганцаарчилсан ярилцлага
- Бүлгийн ярилцлага
- Ажиглалт хийх
Дөрөв. Мэдээлэлд боловсруулалт хийх
4.1. Мэдээлэлд боловсруулалт хийх ажлыг мэдээлэлд задлан шинжилгээ хийснээр эхэлнэ. Энэ ажил нь дараах бүтэцтэй байна.
- Чанарын мэдээллийн шинжилгээ
- Тоон мэдээллийн шинжилгээ
- Мэдээллийн танилцуулга
Тав. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан боловсруулах
5.1. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын тайлангийн зорилго нь ажлыг гүйцэтгэсэн явц, үр дүнг танилцуулах юм. Тайлан дараах хэсгүүдээс бүрдэнэ.
1. Удиртгал хэсэг:
- Зорилго, зорилт, хамарсан хүрээ, арга хэрэгсэл, шалгуур, төсөв
2. Үндсэн хэсэг:
- Давуу, сул тал
3. Дүгнэлт:
- Давуу талд нлөөлж буй хүчин зүйл
- Сул талд нөлөөлж буй хүчин зүйл
4. Санал, зөвлөмж
- Боломжийг ашиглан сул талаа сайжруулах санал
- Давуу талаа ашиглан бэрхшээлийг тойрч гарах арга зам
5. Хавсралт
Зургаа. Ажлын үр дүнг удирдлагад танилцуулах
6.1. Хяналт, шинжилгээ, үнэлгээний баг хийж, гүйцэтгэсэн ажлаа сургуулийн удирдлагад танилцуулна. Энэхүү танилцуулга нь тус сургуулийн ирээдүйд хийх ажлын төлөвлөлтийн үндэс болно.
6.2. Хяналт, шинжилгээ, үнэлгээний багийн шинжээчид хийж, гүйцэтгэсэн ажилтай холбоотой бүх материалыг чанарын албанд хүлээлгэн өгнө.
6.3. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлыг дэд захирлаар батлуулсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу явуулна.