1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР”

 

НҮБ-ын ХХААБ нь дэлхийн улс орнуудыг дайны дараах өлсгөлөнгөөс аврах, хөдөө аж ахуй, шим тэжээлийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хөдөө аж ахуй, загас агнуур, ойн аж ахуйн үйлдвэрлэлийг сайжруулах зорилгоор 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Иймд энэхүү түүхэн өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.
НҮБ-ын ХХААБ-ын гишүүнээр өдгөө Европын холбооны байгууллага болон дэлхийн 196 улс орон элссэн бөгөөд “Хүн бүр өлсгөлөн, ядуурлаас ангид, эрүүл амьдрах ёстой” гэсэн нэгэн зорилгод нэгдэн ажиллаж байна.
2030 он гэхэд дэлхий нийтэд ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хоёр дахь зорилт билээ. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэхэд улс орнуудын Засгийн газраас барьж буй бодлого тун чухал. Тэрчлэн хүн бүрийн оролцоо, санаачилга дэмжлэг маш их хэрэгтэй юм.
Тиймээс ч 2018 оны “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “БИДНИЙ ҮЙЛДЭЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ: 2030 он гэхэд дэлхий дахинд өлсгөлөнг зогсоох боломжтой” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Угтаа бол өнөө жил бид өлсгөлөнгүй ирээдүйг бүтээн байгуулахад юуг анхаарах, юу хийж болох талаар мэдээлэл, санал бодлоо солилцож, тодорхой санаачилга, шийдэлд хүрэхэд шийдвэр гаргагч болон жирийн хүмүүсийг уриалахад гол зорилго оршиж байна.
2016 оны статистик үзүүлэлтээр дэлхийд өлсгөлөн амьдарч буй хүмүүсийн тоо 2015 онтой харьцуулахад 38 саяар нэмэгдсэн харамсалтай баримт байна. Индонез, АНУ, Пакистаны хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх тооны буюу 800 сая хүн өдөр тутам идэх хоол олох гэж зүдэрч байна гэсэн үг.

ӨЛСГӨЛӨНГИЙН НӨХЦӨЛ ҮҮСЭХЭД ЮУ НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ? 

  • Ядуурал: Өдөр тутмын хоол хүнс худалдан авах боломжгүй, ядуурлаас гарч чадахгүй байгаа хүн ам олон байна.
  • Зөрчил тэмцэл: Өлсгөлөнд нэрвэгдээд байгаа хүн амын дийлэнх нь зөрчил тэмцэл болж байгаа бүс нутагт оршин сууж байна. Сая сая хүн орон гэр, аж ахуйгаа орхин гэр бүлээрээ дүрвэж байна.
  • Байгалийн гамшигт үзэгдэл: Хүн төрөлхтний байнга ялгаруулж байдаг хог хаягдал, бохирдлын нөлөөгөөр дэлхийн уур амьсгал өөрчлөгдсөөр байгаа. Үер, хүчтэй шуурга, урт удаан үргэлжилсэн ган гачиг болон зуд зэрэг гамшигт үзэгдлийн давтамж улам бүр ихэслээ. Үүний уршгаар нүүдэлчид, газар тариалан, ойн аж ахуй эрхлэгчдийн амьжиргаанд нөлөөлж, идэх хоолгүй, орох оронгүй үлдэх тохиолдол гарсаар байна.
  • Хэт халалт:
  • Уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр агаарын хэм улам нэмэгдэн хөрсийг хатааж, үржил шимгүй болгож байна. 
  • Хүнсний хэт их болон зохисгүй хэрэглээ: Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг буюу 1.9 тэрбум хүн илүүдэл жинтэй байна. Хүнсний хэт их үйлдвэрлэл, хүнсний хаягдал орчны бохирдлыг нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс шим тэжээлийн байдал дэлхий дахины асуудал болоод байна. 
  • Эдийн засгийн өсөлт: Хэрэв зохисгүй, шударга бус байвал баян хоосны ялгаа ихэсч, өлсгөлөн, зөрчил тэмцлийг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн өсөлт хөгжил нийгмийг бүхэлд нь тэгш хамарч, хамгийн эмзэг бүлгийг ч орхих учиргүй.

ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

 

  •  Хүн бүр, өдөр тутам эрүүл хоол хүнстэй байх нөхцөлийг бүрдүүлэх ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ. Манай дэлхий бид бүгдийг тэжээх нөөцтэй хэдий ч үүнийг хэрхэн зөв ашиглах, тэгш хүртээмжтэй байлгах нь зөвхөн биднээс шалтгаалдаг!
  • Энх тунх амьдрахад шаардлагатай АШИГТАЙ ШИМ ТЭЖЭЭЛИЙГ өгөх чанартай хүнс хэрэглэдэг байх, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай идэх дадал эзэмшихийг дэмжих. Ингэснээр хоол хүнсний хүрэлцээгүй байдал болон хүнсний хэт хэрэглээ тэнцвэржих боломжтой болно.
  • Байгаль дэлхийгээ сүйтгэхгүйгээр газар, ой, далай зэрэг байгалийн нөөцийг зайлшгүй шаардлагатай хүнсний үйлдвэрлэлд ашигладаг ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙГ эрхлэх. Тогтвортой байдлыг нэвтрүүлэхгүй бол байгалийн нөөц барагдах аюултай!
  • Шим тэжээлийн дутагдал үүсэх суурь шалтгаан бол ядуурал юм. Хоол хүнс худалдан авах боломжгүй хүмүүс өвчлөлд өртөх нь хурдан байдаг. Эрүүл байх нь нийгэм, эдийн засгийн өсөлтийн гол нөхцөл тул ЯДУУРЛЫГ УСТГАХ шаардлагатай байна!

БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
Улсын хэмжээнд юу хийж болох вэ?

  • Хэнийг ч бүү орхи:Нэн эмзэг бүлгийхнийг ядуурлаас гаргах нийгмийн хамгааллын сайн тогтолцоо бий болгож, хүртээмжтэй хөгжил ба тэгш шударга эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх чиглэлээ болгох.
  • Шийдлийг уялдуулж чадах бодлогыг зангидах:Тогтвортой хөгжлийн 2 дахь зорилт Өлсглөнг зогсоох стратегт анхааран нийгмийн хамгаалал, тогтвортой хөдөө аж ахуй, шим тэжээл, эрүүл мэнд, боловсролын салбарын бодлогын уялдаа холбоог сайжруулах.
  • Хамтран ажиллах:Иргэдийн оролцоог идэвхижүүлж, зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох. Олон талын салбарууд хамтран ажиллах урамшууллын тогтолцоо бий болгох.
  • Дотоодын засаглалын чадавхыг бэхжүүлэх:Хувь хүмүүс, орон нутаг, бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй дэмжлэгийг үзүүлж, арга замыг зааж чадах голлох талуудтай хамтран ажилла.
  • Шим тэжээлийн асуудлаас үүдэлтэй зардлыг хязгаарлах:Хоол тэжээлийн талаархи боловсролыг сайжруулах, хүүхдийг хамгаалах, насанд хүрэгчид эрүүл, үр бүтээлтэй амьдрахын тулд хэрэгцээт шим тэжээлийг авч чадаж байгаа эсэхийг нягтлах.
  • Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажилла: хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн асуудлуудтай нүүр тулахад шаардагдах мэдээллийг гаргаж өгч чадар судалгаа, шинжлэх ухааны байгууллагуудтай стратегийн түвшинд хамтран ажилла.
  • Хөрөнгө оруулалтад ээлтэй орчин бий болго:илүү тодорхой бодлого журмын зохицуулалт, тогтвортой институцийг бий болгох. Шинэ санаачлагыг дэмжин урамшуулж, эрсдлийг урьдчилан харж, нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах, аливаа маргаан үл ойлголцол гарагхаас урьдчилан сэргийлж, гарсан дариуд нь шийдвэрлэх, зах зээлийн өргөн боломж үүсгэж, тодорхойгүй байдал үүсэх эсвэл алдаа гарвал шийдвэрлэж байх.
  • Тэгш боломжийг олго:Тэгш бус байдлыг багасгах, жендэрийн тэгш бус байдлыг арилгах, боломжийг бий болгоход бодлого, хөрөнгө оруулалтыг ашиглах.
  • Олон улсын гэрээ конвенцид нэгд:Байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ нөөц баялгийг зохистой, үр ашигтай ашиглах, хамгаалах, удирдах, хөгжүүлэх талаар гэрээ хэлэлцээрт нэгдэн, хувь нэмрээ оруулах.

Фермерүүд юу хийж болох вэ?

  • Эрх тэгш байдлыг дэмжиж ажиллах
  • Байгалийн нөөц баялагыг зохистой ашиглах 
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга барилаар аж ахуйгаа эрхлэх
  • Ургац хураалтын дараах алдагдалыг багасга
  • Ирээдүй хойч үеээ боловсруул
  • Өөрийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэ
  • Үйл ажиллагаандаа ээлтэй, ашигтай технологийг нэвтрүүл 
  • Тогтвортой мал аж ахуйн дадлыг хэвшүүл

Хувийн бизнес эрхлэгчид юу хийж болох вэ?

  •  Хүнсний хаягдалыг устга
  • Дотоодын эх үүсвэрээ ашигла
  • Мэдлэг, туршлагаа солилц 
  • Санхүүгийн хүртээмжтэй байдлыг дэмж
  • Эмэгтэйчүүдийг чадавхжуул
  • Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажилла 
  • Байгалийн нөөцийг үр ашигтай, хариуцлагатай ашигла
  • Хүнсний аюулгүй байдлыг ханга
  • Өлсгөлөнг зогсоох зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруул

Иргэд юу хийж болох вэ?

  • Хүнсийг хаягдалгүй хэрэглэж сурах:Дэлхийн өлсгөлөн хүн амыг тэжээж хүрэлцэх хэмжээний хоол хүнсийг буюу нийт хүнсний дөрөвний нэг хувь нь өдөр бүр хаягдаж байна. Энэ харамсалтай асуудлын нэг нь та биш байхын тулд хүнсээ зүй зохистой хэрэглэж сураарай! Зөвхөн хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэж, хаягдал гаргахгүй байх, хуванцар уут, савнаас татгалзах зэрэг дадлыг бий болгоорой.
  • Бүтээгдэхүүний шошгыг уншиж хэвших: Бүтээгдэхүүний орц найрлага, хадгалах хугацаа, хэрэглэх арга зэргийг сайтар судалж, ойлгож сураарай. 
  • Олон нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх: Мах, гурил, цагаан будаа байнга хэрэглэхийн оронд байгалийн нөөц болох ус, бэлчээр зэргийг арай бага ашиглаж үйлдвэрлэдэг ногоо, жимс, төрөл бүрийн шош, буурцаг зэрэг хүнсийг долоо хоногт багадаа нэг удаа идэж хэвшээрэй. Энэ нь өчүүхэн зүйл мэт санагдаж болох ч том өөрчлөлтийг бий болгодог.
  • Эрүүл, зөв хооллох:Бүтээгдэхүүний шошго дээрх найрлагыг судлан, транс тос зэрэг ашиггүй, эрүүл мэндэд муу орц найрлагатай, эсэхийг шалгаж сураарай. Хэт чихэрлэг, тостой, давстай нөөшилсөн бүтээгдэхүүнүүдээс татгалзан оронд нь жимс, самар, ногоо, бүхэл үрийн талх зэргийг түлхүү хэрэглэж хэвшээрэй. 
  • Усаа хайрлан хамгаалах: Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ган гачиг, зуд болох тохиолдол ихэсч, усны хомсдол үүсэх үзэгдэл нэмэгдсээр байна. Иймд усны нөөцийг арвилан онгоцонд орохын оронд шүршүүрт орох, шүдээ угаахдаа усаа хаах зэргээр дэмий үрэхээс сэргийлж хэвшээрэй. 
  • Гүний, гадаргын усыг цэвэр байлгах: Хог бүү хая! Xариуцлагагүй, хайхрамжгүй хүмүүсийн тарьсан хогийг түүж, тэдэнд дахин бохирдол үүсгэхгүй байх талаар тайлбарлаж, зөвлөөрэй. Цайруулагчгүй, хүчтэй химийн бодис агуулаагүй гэр ахуйн цэвэрлэгээний бодис хэрэглэдэг ухамсартай хэрэглэгч байгаарай. Ингэснээр хөрс, ус эрүүл байна. Судалгаа хийж, байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг компаниудаас сонгон зөвхөн зайлшгүй хэрэгцээт барааг худалдан авч заншаарай.
  • Дотоодоос худалдан авах: Аль болох үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгчээс хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ худалдан авснаар аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, дотоодын эдийн засгаа дэмжинэ.
  • Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх:Өрхийн хүлэмж байгуулан хэрэгцээнийхээ ногоог тарих, илүү талбайдаа мод, тагтан дээрээ цэцэг, ногоон ургамал тарих зэргээр орчин тойрноо цэцэрлэгжүүлж, агаарыг цэвэршүүлэн, усны бохирдлыг бууруулаарай.
  • Хог хаягдлыг ангилах: Хуванцар, шил, хөнгөн цагаан, цаас зэрэг дахин ашиглагддаг хог хаягдлыг ангилан ялгаж сураарай. Анги хамт олноо ч ийм дадалд сургаарай. Цаасыг модоор хийдэг тул ар, өвөргүй бүрэн дүүрэн ашиглаарай. Зай, будаг, гар утас, эм, химийн бодис, бордоо, дугуй, бэхний сав зэрэг аюултай хог хаягдлыг ердийн хог хаягдлаас ангилан ялгаж, зориулалтаар нь хаяж хэвшээрэй. Эдгээр нь усны эх ундарга, экосистемд маш аюултай нөлөө үзүүлж, зарим төрлийн загас, амьтныг устгах үр дагавартай.
  • Эрчим хүчний хэмнэлттэй сонголт хийх:Танайх хөргөгч, цахилгаан зуух, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авах гэж байгаа бол эрчим хүч хэмнэх технологи ашиглан үйлдвэрлэсэн буюу A+++ тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг сонгоорой. Мөн ашиглаагүй үедээ гэрлээ унтраах, зурагт, хөгжим, компьютер зэргээ цахилгааны үүсвэрээс салгаж, эрчим хүчний хэмнэлттэй чийдэн ашиглах зэрэг энгийн аргуудыг ч хэвшүүлэх нь үр дүнтэй байдаг.
  • Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах:Бусдын хийхийг хүлээж суулгүй, өөрөө санаачлан найз нөхөд, хөршүүдтэйгээ хамтран орчин тойрноо цэвэрлэн цэмцийлгэж, тохилог сайхан орчныг бүрдүүлэн амьдарч хэвшээрэй.


ЗАРИМ ТОО БАРИМТ:
ДЭЛХИЙ ДАХИНД

  • Хэдийгээр дэлхийн бүх хүм амд хүрэлцэхүйц хэмжээний хүнс үйлдвэрлэж байгаа боловч 815 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсээр байна. Тэдний 60% нь эмэгтэйчүүд.
  • Дэлхий дээрх нэн ядуу хүмүүсийн 80% нь орон нутагт амьдарч, амьжиргаагаа хөдөө аж ахуйн салбараас залгуулдаг.
  • Бага насны хүүхдийн 45% нь шим тэжээлийн дутагдалд ороод байна.
  • 5-аас доош насны 155 саяхүүхэд өсөлт хоцрогдолтой байгаатай зэрэгцээд хүүхдүүдийн дунд жингийн илүүдэл нэмэгдсээр байна. 
  • 1.9 тэрбумхүн илүүдэл жинтэйгээс 600 сая нь хэт таргалалттай байна. Насанд хүрэгчдийн дунд таргалалтын асуудал хурдацтай нэмэгдсээр байна.
  • Жил бүр3.4 сая хүн хэт таргалалтаас үүссэн шалтгаанаар нас барж байна.Олон оронд таргалалтын асуудлаас болж нас барж байгаа хүний тоо гэмт хэрэгт өртөн нас барж байгаа хүний тооноос их байна.
  • Жилд 3.5 тэрбумам.долларыгшим тэжээлийн асуудалд зарцуулж байна.
  • 2050 он гэхэд хүн амыг хоол хүнсээр хангахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг 60%-иар нэмэгдүүлэх шаардлагатай.
  • Өлсгөлөнд нэрвэгдээд байгаа 815 сая хүний 489 сая хүн, нийт 5-аас доош насны өсөлт хоцрогдолтой хүүхдүүдийн 75% нь зөрчил тэмцэлтэй улс орнуудад амьдарч байна.
  • Ган гачиг хөдөө аж ахуйн эдийн засгийн бууралтад 83% хүртэл нөлөөлж байна.
  • Хүнсний үйлдвэрлэлийн гуравны нэгнь хаягдал болж байна. Энэ нь ойролцоогоор жилд 2.6 их наяд ам.долларын өртөгтэй.

МОНГОЛ УЛСАД

 

  • Монгол Улсын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувьтай байна.
  • 2016-2017 онд хийсэн Монгол Улсын “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны дүнгээс: 
  • 5 хүртэлх насны хүүхдийн 26.6%,эхчүүдийн 16.1%,жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4%цус багадалттай,
  • 6-59 сартай хүүхдийн 27.7%,жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дуталтай, 
  • Д аминдэмдутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл,
  • 6-59 сартай хүүхдийн 61% дуталтай, 28.9%нөөц дутмаг, 
  • жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4%дуталтай, 20.2%нөөц дутмаг,
  • 15-49насны эрэгтэйчүүдийн 40.4%Д аминдэм дуталтай, 41.9%нөөц дутмаг,
  • 5 хүртэлх насны хүүхдийн 9.5% А аминдэм дуталтай, 60.1%А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон,
  • Нийт өрхийн 78.9%зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй,
  • Нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр,
  • 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувьхүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан,
  • Илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн байна.


НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар

Их уншсан