ТДС-ийн Эрдмийн Зөвлөлөөс 2017 оны 12-р сарын 8-ны 15.00 цагт “Хүнсний шим судлал-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг Б байрны VI давхарт Соёлын танхимд зохион байгуулав. Энэ удаагийн хурал Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “МАХ СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-ны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Хурал эхлэхээс өмнө 14.00 цагт Сүү боловсруулах үйлдвэрийн нээлтийн ёслол болов.
Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн ҮТС-ийн багш нар, ХАБҮЛЛ, ХЭШҮ-ийн САМО институт, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүдээс гадна 10 гаруй үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Хурлын үйл ажиллагааг нээж Эрдмийн Зөвлөлийн дарга, Монгол улсын гавьяат багш, профессор Б.Барамсай үг хэлэв.
Хуралд ШУТИС-ийн ҮТС-ийн профессор Sc.D Ц.Батсүх “Уламжлалт хүнсний шим судлал”, ТДС-ийн багш, доктор Ph.D Н.Чимэгээ “Гүзээний хуурай бэлдмэлийг хиам үйлдвэрлэлд ашиглах технологийн судалгаа”, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, Ph.D Б.Мягмарсүрэн “Малын зарим түүхий эдийн шимт чанарын судалгаа”, ХТПК-ийн багш Б.Цэцэгсүрэн “Ингэний сүү, хоормогийн харьцуулсан судалгаа”, НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Өнөрсайхан “Сав баглаа боодол ба эрүүл мэнд”, ТДС-ийн дэргэдэх “Хан брэнд” ХХК-ийн сүүний үйлдвэрийн технологич Ч.Жавзандулам “Сүү бэлтгэлийн тогтолцоо, өнөөгийн байдал, сайжруулах арга зам”, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, Ph.D Г.Солонго “Хүнсний идэвхтэй савлагааны материалын судалгаа”, “АПУ Дэйри” ХХК-ийн химич С.Отгонтуяа “Ундны сүү үйлдвэрлэлийн НАССР тогтолцоо”, ХТПК-ийн багш Б.Баярцэнгэл “Буудайн соёолж бэлтгэх технологийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо.
Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн агуулга нь хурлын сэдэвт тохирсон, өнөө үеийн шаардлагад нийцсэн, практик ач холбогдолтой байлаа.
Хурлын илтгэлүүдийг доктор Sc.D Ж.Алимаа, доктор Ph.D Э.Эрдэнэцогт, доктор Ph.D Д.Нансалмаа нар шүүн хэлэлцэв.
Шүүгчдийн дундаж оноогоор шилдэг 3 илтгэлийг шалгаруулав. 1-р байрыг доктор Н.Чимэгээ, 2-р байрыг доктор С.Өнөрсайхан, 3-р байрыг доктор Б.Мягмарсүрэн нар эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Эрдмийн Зөвлөл
2017-12-11