Түүхт сургуулийн 50 жилийн ойд зориулсан “ХҮНСНИЙ ШИМ СУДЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2015 оны 12 дугаар сарын 09-ний 15.00 цагт Технологийн Дээд Сургуулийн Б байрны хурлын танхимд болов. Хурлыг ТДС-ийн Эрдмийн Зөвлөл зохион байгуулав.
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, хүнс үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд хурлын зорилго оршиж байв.
ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн дэргэдэх БНХАУ-ын Боловсролын Яамны харъяа судалгааны лабораторийн дэд захирал, доктор Мөнхбилэг уригдан ирж, илтгэл тавив.
Мөн манай сургуулийн удирдлага, багш нараас гадна Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институт, ШУТИС-ийн ҮТС, “Талх Чихэр” ХК, “Мах Импэкс” ХК, “Сүү” ХК, “ АПУ” ХК, “Мах маркет” ХХК, “Витафит групп” ХХК зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн 20 гаруй төлөөлөл ирж оролцов.
Хурлыг нээж, ТДС-ийн ерөнхий захирал, проф Б.Барамсай мэндчилгээ дэвшүүллээ.
Хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүлснээс доктор Мөнхбилэгийн “Biodiversity of lactic acid bacteria in naturally fermented dairy products from China, Mongolia and Russia”, “Мах Маркет” ХХК-ийн чанар, эрүүл ахуйн албаны дарга Н.Анхтуяагийн “ISO22000 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн дүн”, ШУТИС-ийн ҮТС-ийн багш Н.Чимэдрэгзэнгийн “Ширгээх процессын харьцуулсан судалгаа”, ТДС-ийн багш Н.Чимэгээгийн “Ямааны мах, гүзээ боловсруулах технологи, усны идэвхийн судалгаа” зэрэг илтгэлүүд сонирхол татаж байлаа.
Доктор Мөнхбилэг, Ч.Нарангэрэл нар илтгэл тавьж байна.
Н.Анхтуяа, Н.Чимэгээ нар илтгэл тавьж байна.
Уг хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид болон хурлын бэлтгэл ажилд туслалцаа үзүүлсэн Хүнсний Технологийн Тэнхимийн хамт олондоо талархал илэрхийлье.
С.Нарандэлгэр