Технологийн Дээд Сургуулийн 50 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Сургалт-эрдэм шинжилгээ” ажлын хэсгээс “Хоцролт, таслалтгүй хамт олон шалгаруулах уралдаан”-ыг 2015 оны 4-р сарын 1-ээс 4-р сарын 30-ны хооронд зохион байгууллаа.
Уралдааны зорилго нь оюутны цаг ашиглалт, хувийн зохион байгуулалтыг сайжруулах, цаашлаад хоцролт, таслалтгүй хамт олон бүрдүүлэхэд оршиж байлаа.
Уралдааны явцад долоо хоног бүрийн эцэст ангиудын тасалсан цагийн тоог авч, уралдааны ерөнхий дүнг гаргахдаа тухайн ангийн 1 оюутанд ноогдох тасалсан цагаар тооцов.
Уралдаанд ТДС-ийн бакалаврын сургалтын 16 анги хамрагдсанаас Б.Батболор багштай ХМА-3А анги 1-р байр, Д.Цэрэндулам багштай ХҮҮТ-2Б анги 2-р байр, Ж.Бат-Амгалан багштай МИ-1А анги 3-р байрыг тус тус эзэллээ.
1,2-р байр эзэлсэн ангийн оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал, сургуулийн спорт зааланд 2-3 цаг тоглох эрх, 3-р байр эзэлсэн ангид өргөмжлөл, спорт зааланд 2 цаг тоглох эрхийн бичиг олгон урамшуулав.
Уралдааны ерөнхий дүнг доорх зургаар харуулав.
Оюутнуудын тасалсан цагийн тоо 2 дах долоо хоногийнхоос 3,4,5 дахь долоо хоногт тус бүр 19,6%, 22,3%, 40,6%-иар буурсан байна.
Мөн ангиуд дундаас оюутны тасалсан цаг нь тогтвортой буурч байсан ангиудыг дурдвал, О.Жавзансүрэн багштай Мен-1А анги, У.Мөнх-Очир багштай ХҮТЭА-3А анги, С.Эрдэнэбал багштай КПХ-3А ангиудыг нэрлэж болно.
Энэ бүгдээс харахад ийм уралдааныг улиралд 1 удаа явуулж байвал оюутны цаг ашиглалт сайжрах, цаашлаад сургалтын чанарт ахиц гарах боломжтой юм.
Цаг бол алт юм. Өнгөрсөн цаг, хугацаа бидэнд эргэж олдохгүй.