Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөгчдийг мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг 2016.04.29-ны өдөр дээд боловсролын салбарын элсэлтийн комисс зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд нийслэлийн Налайх, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нийт 31 сургуулийн 804 зочин сурагчид хүрэлцэн ирж оролцлоо. Үүнээс 631 сурагч буюу 78.5%-ийг оюутнууд өөрсдөө урин авчирснаас ХИ 2а ангийн хамт олон 202 зочин сурагчдыг ирүүлсэн байна.
Тус арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд дараах ажлууд хийгдэв. Үүнд:
• Дээд боловсролын салбарын багш, оюутнууд зочин сурагчдад сургууль болон лаборатори, үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулав.
• Сургалт, хүмүүжил эрхэлсэн захирал Р. Дарьхүү сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, 50 жилийн ойн киног үзүүлэн сургуулийн түүхэн замнал, амжилт бүтээлийг харууллаа.
• ХҮҮТ 3а ангийн оюутнууд “Хоолны технологи-III” хичээлийн бие даах ажлын хүрээнд “Mini cake” өдөрлөгийг зохион байгуулж, зочин сурагчдад өөрсдийн хийсэн бүтээгдэхүүний амталгаа явуулав.
• Өдөрлөгийн үеэр бакалаврын 8 мэргэжлийн сурталчилгаа хийгдэв.
• Зочин сурагчдын дунд хөгжөөнт тоглоом тоглуулж, сугалааны тохирол тааруулан нийт 15 азтанг тодруулан 2016-2017 оны хичээлийн жилд хөнгөлттэй суралцах (20%-2 сурагч, 10%-3 сурагч, 5%-10 сурагч) эрхийн бичиг гардуулав.
Хүрэлцэн ирсэн 800 гаруй зочдоос 107 сурагч нь манай сургуулийн бэлтгэдэг мэргэжлийн ангиудад элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлж эргэх холбоо бүрдүүлэх бүртгэлд хамрагдсан байна. Тухайлбал, 30% нь хүнсний технологи, 20% нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, 18% нь менежмент, 12% нь компьютер, график дизайн мэргэжлийг сонирхож байв.