БНЭУ-ын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэр Монголын бэлчээрийн малын эрүүл мэнд, сүүний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Энэ ажлын хүрээнд Технологийн дээд сургууль нь Энэтхэгийн Гужарат мужийн сүүн бүтээгдэхүүний маркетингийн нэгдэлтэй 2 жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны эхлэлийг тавихаар сүү үйлдвэрлэгч, боловсруулах үйлдвэр, их дээд сургууль, олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн төлөөлөл зэрэг оролцогч талууд бүхий манай мэргэжилтнүүд Энэтхэг улсыг зорьж Амулын загвар, сүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, туршлагаас судлав.
Тосгоны хэмжээнд сүү худалдан авах сүүний хоршоо, нийгэмлэгийн үйл ажиллагаа, задгай сүү хөргөх систем, сүү цуглуулах автомат систем, дүүргийн түвшний сүүний үйлдвэрийн үйл ажиллагаа, Амул брэндийн хүрээнд сүүн бүтээгдэхүүний маркетингийн үйл ажиллагаа, сүүний тоног төхөөрөмжийн үйлдвэр, мал эмнэлэг, малын үржлийн байдал, “Vidya dairy” сүүний үйлдвэр, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан.
Гужарат мужийн сүүн бүтээгдэхүүний маркетингийн нэгдлийн жилийн хөрөнгийн эргэлт 3.4 тэрбум ам.доллар бөгөөд Энэтхэгийн хамгийн том хүнсний бүтээгдэхүүний маркетингийн байгууллага юм.
АМУЛЫН ЗАГВАР
Сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх Amul загвар нь хөдөө тосгоны хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны нийгэмлэг (хоршоо), дүүргийн түвшинд сүүний зөвлөл, улсын хэмжээнд нэгдсэн гишүүдийн холбоо (нэгдэл) гэсэн гурван шатлал бүхий бүтэцтэй.
Amul загвар нь Энэтхэг улсыг дэлхийн томоохон сүү үйлдвэрлэгч болоход нь тусалсан юм. Энэтхэгт 15 сая гаруй сүү үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний 144500 хоршоо, нийгэмлэг ажилладаг. Улсын хэмжээний сүү сүүн бүтээгдэхүүний маркетингийн 22 нэгдэл нь 184 дүүргийн сүүний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, сая сая хүний сайн сайхан амьдралыг тэтгэдэг байна.
Энэтхэгт сүүг хэрэглэгчдэд аль болох ойртуулахын тулд сүү үйлдвэрлэлийн дийлэнх хувийг задгайгаар борлуулж байна. Хэрэглэгчид автомат төхөөрөмжөөс ариутгасан сүүг худалдан авдаг юм байна. Мөн дугуйн дээр суурилагдсан тусгай зориулалтын савнаас сүүг худалдаалж байна. Сүү үйлдвэрлэлийн гинжин хэлхээний аль ч хэсэгт эрүүл ахуйн шаардлагыг хангаж, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын ган саванд хадгалж, боловсруулж, хөргөлттэй сав, хэрэгслээр зөөвөрлөж байна.
Энэтхэгийн сүү үйлдвэрлэгч жижиг фермерүүд бүгд итгэлцлийн үндсэн дээр хоршин ажиллаж, боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийг фермерүүдээс бус хоршоодоос авч байна. Хоршоо нь фермерүүдээс сүүг худалдан авч сүүний үйлдвэрт нийлүүлж, сүүний чанарын асуудалд хоршоо хариуцлага хүлээх тогтолцоог бүрдүүлж чаджээ. Дэлхийн жишигт нийцсэн сайн чанарын ган металлаар сүүний хөргөлттэй сав, танк, бидон, цахилгаан саалтуур, ялтаст дулаан солилцооны аппарат, сепаратор зэрэг тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж, заримыг нь экспортод гаргаж байна.
“Vidya dairy” сүүний үйлдвэрт оюутнууд 1 жилийн хугацаатай дадлага хийдэг.
Энэтхэгт тэжээлийн үйлдвэрүүд ургамлын гаралтай гол түүхий эдийг импортоор авч тэжээл, түүний нэмэлтүүдийг үйлдвэрлэн сүү үйлдвэрлэгч фермийн аж ахуйд нийлүүлж байна.
Сүүлийн жилүүдийн дэлхийн сүүний үйлдвэрлэлийн чиг хандлага нь фермийн аж ахуй, сүү үйлдвэрлэгч малчдаас сүүний чанарыг шалгаж хүлээн авах, цуглуулах хөргөлтийн төвийг өргөнөөр ашигладаг болсныг Энэтхэгийн жишээнээс ч харж болно.
Сүүний хоршоог орон нутгийн хөгжлийн түлхүүр болгон хөгжүүлж буй Энэтхэгийн арга туршлага, Амулын загварыг Монгол орны онцлогт тохируулан хэрэглэх, жижиг фермерүүдийн сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоо, маркетинг, хөдөө аж ахуйн биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх нь цаг үеэ олсон зөв алхам байх болно.
Ч. Нарангэрэл