1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Хүйтэн сүлжээний мах, хүнс боловсруулах салбарын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулагдлаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Озоны үндэсний алба (ОҮА)-наас “Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн хүрээнд “Хүйтэн сүлжээний мах боловсруулах, хүнс боловсруулах салбарын чадавхийг бэхжүүлэх, үнэлгээний тогтолцоо нэвтрүүлэх” сэдэвт арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь HPMP-ийн II үе шатыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах судалгааны үр дүн, мөн I үе шатны хэрэгжилтээс гарсан сургамжид үндэслэн зохион байгуулагдсан юм. Судалгаагаар хоол, хүнс боловсруулах салбарын хөргөлттэй агуулахад хэрэглэгдэж буй хөргөх бодисын хэрэглээ өндөр, засвар үйлчилгээний сайн туршлага, зөв дадлын талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгааг тогтоосон байна. Үүний зэрэгцээ дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) багатай орлуулах технологи аль хэдийн нэвтэрч, цаашид Монгол Улсын зах зээлд байгальд ээлтэй байгалийн хөргөх бодис (пропан, изо-бутан, аммиак, нүүрсхүчлийн хий зэрэг)-т суурилсан хөргөлтийн тоног төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгааг онцоллоо.
Арга хэмжээний хүрээнд дараах илтгэл, танилцуулгууд хийгдэв. Үүнд:
• Озоны үе давхарга, байгаль орчныг хамгаалах асуудал сэдвээр профессор Ц.Адъяасүрэн илтгэл тавив.
• Озон задалдаг бодисыг бууруулах Монгол Улсын хүчин чармайлт болон “HCFC бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн танилцуулгыг ОҮА-ны ахлах мэргэжилтэн, хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн хийв.
• Хөргөлт, агааржуулалтын системийн засварчин, техникч мэргэжлийн МБС болон ТБОС-ын сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдал, ашиглах аргачлалын талаар сургалтын хөтөлбөрийн зөвлөх Ж.Мөнхзул, ХҮТИС-ийн дэд профессор П.Алтанцэцэг нар танилцууллаа.
• Чадамжид суурилсан сургалт, үнэлгээ: Олон улсын туршлага ба Монгол Улсын өнөөгийн байдал сэдвээр хэлэлцүүлэг өрнөв.
Мөн арга хэмжээний үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа болж, ХТПК, ХҮТИС-ийн ректор Б.Бат-Эрдэнэ, ОҮА болон МХХАХ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээг дэмжин ХТПК, ХҮТИС-ийн ректор Б.Бат-Эрдэнэ, ХТПК-ийн сургалтын менежер Ж.Бат-Амгалан, ХҮТИС-ийн дэд профессор П.Алтанцэцэг нар оролцсон байна.
Үйл ажиллагааны хүрээнд БОУАӨЯ-ны ОҮА-ны санаачилгаар озоны үе давхарга, байгаль орчныг хамгаалах, орлуулах хөргөх бодисын технологи, засвар үйлчилгээний зөв дадлыг тусгасан 1.5 жилийн хугацаатай сайжруулсан ТБОС-ын сургалтын хөтөлбөрийг ХТПК-ийн Сургалтын албанд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Их уншсан