“Сайн оюутан” энэ хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм”.
2016 оны тавдугаар сарын 2-ноос хэрэгжиж эхлэх уг хөтөлбөр нь оюутанд зээл олгох боломж олгож байгаагаараа онцлог юм байна. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай аж.
1. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна.
Энэ тохиолдолд: Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх, Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх, төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх, зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх гэсэн шаардлага тавих аж.
2. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдах юм байна.
Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь 5 хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлүүлэхээр тусгажээ.