“Сүү” ХК санаачлан Хүнс, Технологийн Политехник Коллежтой хамтран ажиллах хоёр жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Хоёр талын ирээдүйн хамтын үйл ажиллагааг эхлүүлэх энэхүү санамж бичигт “Сүү” ХК-ийг төлөөлөн Гүйцэтгэх захирал М.Мандхай, Хүнс, Технологийн Политехник Коллежийг төлөөлөн Ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ нар 2020 оны 8-р сарын 31-ний өдөр ёслол төгөлдөр үзэглэсэн билээ.
Тус санамж бичгийн хүрээнд “Сүү” ХК-ийн ажилтнуудыг чадавхижуулах, хамтарсан туршилт судалгааны ажлууд гүйцэтгэх, ажил олгогчийн оролцоотойгоор сургалтын стандарт, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, тус сургуулийн суралцагч, оюутнууд, багш нарыг үйлдвэрлэлийн орчинд дадлагажуулах, туршлага судлуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боллоо.
Тус сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ “Хүнсний салбарт УР ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТЭН бэлтгэхэд ажил олгогчийн хамтын ажиллагаа маш чухал бөгөөд үнэлж баршгүй ахиц, амжилтыг авчрах болно” хэмээн тэмдэглэлээ.