Дэлхийд сүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНЭУ-ын сүүний салбарын төлөөлөгчидтэй хамтарсан бизнес-уулзалт болов. Бизнес уулзалтанд Энэтхэг улсаас Гужарат мужийн сүүн бүтээгдэхүүний маркетингийн нэгдэл, Amul Dairy-гийн ерөнхий менежер доктор H.K.Desai, Jayen.S.Mehta, менежер H.P.Pathod нар, Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуйн яам, EMIRE хөтөлбөр, Технологийн дээд сургууль, Монголын хүнсчдийн Холбоо, түүний дэргэдэх сүү үйлдвэрлэлийн салбар зөвлөл, Хөдөө аж ахуйн үндэсний холбоо, “Маргаашийн хөдөө” хэвлэлийн газар, Сүү үйлдвэрлэлийн шинжлэх ухааны холбоо, Сүү ХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төслийн зарим төлөөлөгчид оролцов.
Уулзалтын эхэнд Энэтхэг улсын төлөөлөгчид Энэтхэгийн сүү үйлдвэрлэлийн тойм, AMUL брэндийн талаар танилцуулга, мэдээлэл хийв. Дараа нь ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгдарь Монголын сүүний салбарын мэдээлэл, EMIRE хөтөлбөрийн менежер Т. Туул АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөөгийн бүлгүүдийг чадавхижуулснаар зах зээлийн нэгдмэл байдлыг хангахад туслах хөтөлбөр”-ийн талаар тус тус танилцуулав. Сүү үйлдвэрлэлийн шинжлэх ухааны холбооны тэргүүн С. Цэцгээ “Сүүний салбарт БНЭУ болон Монгол улс хамтран ажиллах боломж”-ийн талаар асуудал дэвшүүлсэн танилцуулга хийлээ. Уулзалтын төгсгөлд Энэтхэгийн төлөөлөгчдөд манай оролцогчдоос сонирхож буй сэдвийн хүрээнд асуултыг тавьж, харилцан ярилцсан.
Бизнес уулзалтанд оролцогчдод тус сургуулийн оюутнуудад урлагийн тоглолт сонирхуулснаас гадна Энэтхэгийн төлөөлөгчдөд сургуулийн дэргэдэх Сүүний сургалтын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав. (2015-05-02)
Ч. Нарангэрэл